Thursday, August 9, 2012

Хоосон

Хайр хайр байвч  
Харьцуулж мэдэх хэмжээгүй
Хар цагаан өнгөгүй
Харагдаh биегүй хоосн
         Уур уур байвч 
         Ураад хаяж болохгүй
         Урсгаад явуулж чадахгүй
         Учир нь олдохгүй хоосон
Салхи салхи байвч 
Сайхан муухай амтгүй
Савлаад авч болохгүй
Сарниулж хорихгүй хоосон
      Зүүд зүүд байвч
      Зүүгээр урлаж хийхгүй
      Зүрхэнд дандаа тогтохгүй
      Зүг нь мэдэгдэхгүй хоосн
Сүүдэр сүүдэр байвч
Сүүлд нийлж салахгүй
Сүлжиж нугалж болохгүй
Сүнс шиг дагадаг хоосон
     Зэрэглээ зэрэглээ байвч
     Зэмвэлч дуудавч ирэхгүй
     Зэрэгцэж очиж гүйцэхгүй
     Зэмлэж харагдах хоосон
Зовлон зовлон байвч
Зорж сийлж өөрчлөхгүй
Зоос төлвөл нимгэрэхгүй
Зоргоороо байдаг хоосон
   Жаргал жаргал байвч 
   Жаазалж тахиж болохгүй
   Жалганд хурааж хариулахгүй
   Жамаараа байдаг хоосон
Бурхан бурхан байвч
Буруу шүтвэл буянгүй
Бузар тусвал арилахгүй
Буянаараа байдаг хоосон
   Үхэл үхэл байвч 
   Үүдийг нь давбал буцахгүй
   Үйлийг нь ирвэл өршөөхгүй
   Үргэлжлэл нь харагдахгүй хоосон
Хоосон хоосон байвч 
Хойд төрлөө мэдэхгүй
Хоёр төрсөн ч санахгүй
Хорвоо бүхэлдээ хоосон

No comments:

Post a Comment